Инженер баавгайн мэдээлэл №3

Барилга амьсгалдаг байх ёстой – А. Цогт /МУ-ын зөвлөх инженер/

2019-02-21
Уншсан тоо: 1018

Монгол улсад барилгын салбар асар хурдацтай хөгжиж, өдрөөс өдөрт тэнгэр баганадсан барилгууд ээлж дараалан сүндэрлэсээр байна.

Үүнтэй холбоотойгоор ч Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын стандарт норм, дүрэм үе шаттайгаар шинэчлэгдэн, сайжирч түүний дагуу хийгдэх мэргэжлийн байгууллагын үнэлгээ, дүгнэлт хийх босго өндөрсөж нөгөө талд хувь хүмүүсийн орон сууц, барилгын талаарх мэдлэг, мэдээлэл арвин болсонтой холбоотойгоор хэрэглэгчдийн хүсэл сонирхол, тавих шаардлагууд ч өссөөр байгаа.

Энэ бүхнээс ХҮН төвт төлөвлөлт бүхий чанартай барилга байгууламжийн тогтолцоо чимээгүйхэн бий болсоор байгаа юм.

“Хананаас нь халуун гоожиж байвал энэ орон сууц гэдэг үе өнгөрсөн” / Барилга хөгжлийн төвийн экперт Ц. Бат-Эрдэнэ /

Нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилрүү шилжээд удаагүй байгаа энэ үед юм бүхэн шинэ юм шиг санагддаг үе саяхан.

Гэнэтхэн барилга байгууламжууд сүндэрлэн босож гэртээ гал түлж дулаацдаг байсан айлууд орон сууцанд төвхнөх нь зарим нэгэн хүмүүст мөрөөдөл мэт л байсан.

Энэ үед архитектур төлөвлөлтийн үр ашиг, өрөө хуваалтын загвар дизайн гэхээс илүү орон сууцанд амьдарч байвал боллоо гэсэн ойлголттой байлаа.

Социалист нийгмийн үед барилга архитектурын зургийг улсаас төлөвлөж өгдөг байсан нь архитекторчдийн хөгжлийг хойш нь татсан гэж би хувьдаа хардаг.

Үүнд сайн тал ч бий, сөрөг тал ч бий. Жишээлбэл: Бережнев гуайн бэлэг буюу Зөвлөлт холбоот улсаас бариж өгсөн угсармал 9 давхар байрууд эд моодонд орж байсан ч өнөө үед тухайн барилгын зургийг Зөвлөлт Холбоот улсаар хийлгэсэн нь алдаа байсныг одоо бид харж байна.

Улаанбаатар хотын цаг уурын байдалд ихэвчлэн баруун хойноос урагш салхилдаг гэтэл тус барилгын бүх орц, хаалга хойшоо харсан байдалтай байдаг.

Одоо тэгэхээр халтиргаа гулгаа үүсэх, хүйтэн байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ мэтчилэн олон жишээ ярьж болно.

Харин одоогийн байр захиалагч нар өөр хандлагатай болсон. Учир нь орон сууцны талаарх мэдээлэл ихтэй болсон учир илүү өндөр шаардлага тавьж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор архитекторууд чадваржиж, шинийг эрэлхийлэх нь нэмэгдэж барилгын салбар хурдацтай хөгжиж байгаад баяртай байдаг.

Барилгын салбарт өнгөрсөн зуунд олсон хамгийн том дэвшил бол АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ юм.

Гадаад улс орнуудад аялж явахдаа та анзаарч байсан уу?

Худалдаа үйлчилгээний төвүүд нь том саруулхан, сэрүүхэн байдаг. Дотор ажиллаж байгаа ажилчид нь хүртэл сэргэлэн, бүтээмж өндөртэй байдаг билээ.

Хүний биеийг сэргээх эрч хүчтэй байлгахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол агаар юм.

Орон сууцан дахь АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ нь стандартын дагуу хийгдсэнээр орон суугчдын эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бүтээмжид шууд нөлөөтэй.

Өндөр барилгууд халуун сав шиг байж болохгүй. А. ЦОГТ /инженер/

Нэг ёсондоо барилга өөрөө амьсгалдаг байх ёстой. Гаднаас агаар орсон бол гадагш гардаг байх хэрэгтэй.

Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудын хувьд агааржуулалтын системийг сайтар шийдэх ёстой.

Жилийн дөрвөн улиралтай, агаарын бохирдол ихтэй учир агааржуулалтын системийг сайн төлөвлөх, төлөвлөсний дараах засвар үйлчилгээг сайтар хийх ёстой байдаг.

Хүн амьдралынхаа 80 гаруй хувийг гэртээ өнгөрүүлдэг бөгөөд гэр доторх агаарын чанар маш чухал юм.

Хэдий барилгыг чанартай материалаар бариж гүйцэтгэсэн ч оршин суугчдаас хамаарч байр өөрөө халуун сав шиг болох тохиолдлууд байдаг.

Нэмэлт дулаалга хийх, цонхоо зориулалтын бус материалаар дулаалах, өөрийн дураар өрөөний зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр гэр доторх агаарын чанарт нөлөөлөх тохиолдлууд байдаг.

Үүнийг орчин үеийн барилгууд агаар сэлгэлтийн системийг мэргэжлийн байгуулагатай хамтран төлөвлөж, технологийн дэвшилтэт системүүдээр шийдэх боломжтой.

Бүртгүүлээд шинэ мэдээллүүдийг и-мэйлээр аваарай!

УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ